Tuesday, December 5, 2006

Нэрний талаар


Миний нэрийг аав ээж хоёр маань өвөө эмээ бусад хүмүүсийг оролцуулахгүйгээр өөрсдөө бодож байгаад л өгсөн. Нэр өгөх гэж олон ном зохиолоос нилээд харсан боловч олигтой юм олж чадаагүй гэдэг. Тэгээд л Тулга, Түшиг, Тэнгэр гэх мэт хэд хэдэн нэр үлдсэн гэсэн. Зүгээр Тэнгэр гэхээр Өвөр Монголын нэг дуучин шиг болчих гээд... гэнэт Мөнхтэнгэр байвал яасийн гэж хэлэлцээд л тэр чигтээ тогтсон гэдэг. Хэрвээ би эмэгтэй байсан бол Тэнүүн гэдэг нэр авах магадлал өндөр байсан гэсэн.

Би чинь бас болоогүй ээ Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор мэндэлсэн гээд байгаа, бас гаран дээрээ газрын зураг шиг (аав ээж л тэгдийн) мэнгэтэй :) Ер нь энэ жил төрсөн хүүхдүүдэд хуучны нэрс их өгч байгаа байхаа. Нууц товчоон дээрх нэрс дуусаа биз.

Миний нэрийг анх сонссон зарим нь гайхдаг, зарим нь яасан том нэр вэ ч гэдэг. Ер бол аав маань том нэртэй болохоор би гайгүй нэртэй байхгүй бол чирэгдчих гээд байсан боловуу хэхэ. Бас аавын нэр гийгүүлэгчээр эхэлсэн болохоор миний нэр мөн адил гийгүүлэгчээр эхлэх ёстой байсан болов уу гэж боддог.

Хүний нэр хувь заяанд нөлөөлдөг гэж ч ярьдаг амны билгээс ашдын билэг гэдэг дэ. Одоохондоо балчир байгаа болохоор бүтэн нэрээр дуудах тохиромжгүй байгаа байх. Намайг "Ногоон дээлт" , "Байцаан толгойт" , "Мөнхүүлэй" , "Муухай хүүхэд" ... гэх мэтээр л дуудацгааж байгаа.

Хийморьлог сайхан нэр өгсөн аав ээждээ би хайртай.

Мөнхүүлэй чинь

Thursday, November 30, 2006

Эхлэл

Намайг Мөнхүүлэй гэдэг, жинхэнэ нэр маань Мөнхтэнгэр л дэ. Би 2006-05-19 23:30 -д Эх Нялхсийн Эрүүл Мэндийн нэгдэлд 3,8кг жинтэй 53см урттай төрсөн билээ. Намайг анх төрөхөд эмч нь хараад 3,8кг хүү төрлөө, 3кг нь толгой шүү гэж хэлсэн гэсэн хэхэ. Тэгэхээр миний толгой ямархуу том гэдгийг та ойлгож байгаа байхаа. Том болоод энэ том толгойгоо эрдмээр дүүргэнээ.


Энэ зураг бол төрөөд 7 хонож байгаа зураг :) жаахан царай муутай байна уу? Одоо бол би царайлаг залуу болсон л до.
За эхний удаадаа нэг иймэрхүү. Дараа улам гоё, их юм бичнээ

Хүндэтгэн ёсолсон Мөнхүүлэй